Моно-Диаметр өрөмдлөг гэж юу вэ? Ямар ашигтай вэ?

Өрөмдлөгийн моно-диаметр технологи нь уламжлалт өрөмдлөгийн технологиор ашиглах боломжгүй газрын тос, хийн нөөцөд хүрэх өргөн боломжийг өгч байгаагаас гадна өрөмдлөгийн зардал, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулна. Энэ технологийг АНУ-д төвтэй, дэлхийн 70 гаруй улсад 87000 гаруй ажилчидтай үйл ажиллагаа явуулдаг газрын тос, хийн “Shell Oil” компани хөгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар зөвхөн туршилтын шатандаа явж байгаа юм.

Уламжлалт шаталсан хэлбэртэй цооногийн загвар

Газрын тос, хийн үйлдвэрлэлд хуучин технологи болох уламжлалт шаталсан хэлбэртэй цооногийн загварыг хэрэглэж байна. Энэхүү уламжлалт загварыг удаан хугацаанд сайжруулж байгаа хэдий ч өнөөгийн нөхцөлд хэрэглэхэд хязгаарлагдмал байгаа юм.

Харин цооногийн диаметрийг нарийсгах инженерийн дэвшилтэд шийдлийг тусгасан энэхүү моно-диаметр загвар нь нөөцийг эдийн засгийн хэмнэлттэй ашиглах боломжийг олгож байгаа юм.

Өрөмдлөгийн үед тогтворгүй бүтэцтэй давхарга таарвал нэмэлтээр ган хоолой суурилуулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь цооногийн эцсийн хэмжээг багасгаад зогсохгүй худгаас гарах бүтээгдэхүүний хэмжээг бууруулах эсвэл өрөмдлөгийг төлөвлөж байсан гүнд хүргэж чаддаггүй.

Шинэ технологийн хүлээгдэж буй үр ашиг

Моно-диаметр нь цооногийн амсраас ёроол хүртэлх диаметрийг ижил хэмжээтэй болгож өрөмддөг бөгөөд ингэснээр газрын тос, хийн гарцыг маш ихээр нэмэгдүүлнэ. Түүнчлэн тус өрөмдлөгийн арга нь өрөмдөх чулуулгийн хэмжээг бууруулахаас гадна өрөмдлөгийн ажлаас үүдэлтэй газрын эвдрэл, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулна.

Саяхныг хүртэл энэхүү өрөмдлөг нь санаа төдий байсан бөгөөд туршилт хийхэд маш төвөгтэй байсан юм. Гэсэн хэдий ч “Shell” компаний инженерийн баг АНУ-ын Вайоминг муж дахь өрөмдлөгийн хэцүү нөхцөлтэй Пайндейлийн судалгааны талбайд цооногийн амсраас ёроол хүртэл ижил диаметр бүхий цувраа бэхэлгээний яндантай туршилтын хоёр ашиглалтын худгийг амжилттай гүйцэтгээд байна.

Моно-диаметрийн өрөмдлөгийг хэрхэн хийдэг вэ?

Цооногийн өрөмдлөг хийгдсэний дараа тусгай загвар бүхий сайжруулсан жийргэвчийг цооногт хийж ханыг хүчитгэнэ. Тус компаний судалгаа, хөгжүүлэлтийн багийн инженерүүд гангийн үйлдвэрийн мэргэжилтэнүүдтэй хамтран судалгаа хийсний үр дүнд бат бөх, тэлдэг шинж чанартай энэхүү сайжруулсан жийргэвчийг бүтээсэн юм. Энэхүү жийргэвчийг төлөвлөсөн гүнд ган хоолойгоор дамжуулан механикаар түлхэж хүргэсний дараа зориулалтын ган зангуу, өндөр даралт ашиглан жийргэвчийг тэлүүлнэ. Жийргэвчийг амжилттай суурилуулсаны дараа өрөмдлөгийг үргэлжлүүлэх боломжтой болно. Дараачийн өрөмдлөгийн хэсэгт суурилуулах жийргэвч нь өмнө нь суурилуулсан чийргэвчтэй ижил диаметртэй байх нь маш чухал юм. Энэхүү өрөмдлөгийн процессыг төлөвлөсөн газрын тос, хийн нөөц хүртэл дахин давтан хийнэ.

Shell компаний инноваци

Тэлэгч жийргэвчийг тус компани анх санаачилаагүй бөгөөд маш олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд бий болсон юм. Цооногийн 12 метрийн хэмжээтэй хэсгийг сайжруулсан жийргэвчээр нэг удаа бүрнэ. Ингэхдээ бүрчихсэн нэг хэсгээс нөгөө хэсэг хүртэл хангалттай хүргэхээр маш анхааралтай гүйцэтгэнэ. Жийргэвчийн гадаргууд чулуулгийн хэлтэрхий хамгийн бага байхаар гүйцэтгэнэ. Түүнчлэн тус жийргэвчийн тэлэлтийн процесст тохирсон гөлгөр гадаргуутай, өндөр даралтыг тэсвэрлэх чадвартай хоолой болон хоолойн холболтууд, хамгаалах ситемийг тус компани зохион бүтээгээд байна.

Өрөмдлөгийн ирээдүй

Саяхан тус компани Мексикийн булангийн тэнгисийн гүнд моно-диаметрийн өрөмдлөгийн аргаар газрын тосны цооног амжиттай өрөмдсөн бөгөөд хэдэн сая баррел газрын тосыг тус цооногоор дамжуулан дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой юм. Түүнчлэн энэхүү шинэ технологи нь ирээдүйд маш их хэмжээний зардлыг хэмнэхээс гадна байгаль орчинд ээлтэй юм.

Эх сурвалж:

http://www.shell.com/careers/experienced-professionals/technical-careers/wells-engineering/monodiameter-drilling.html

Бэлтгэсэн: Эрдэнэдрийлинг ХХК

Leave a Reply

Your email address will not be published.

Call Now Button